Гамшиг, гамшиг гэдэг хэрнээ хоргодох байраа ч бэлдээгүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 19 ・ 1

Социализмын үеийн хоргодох байруудыг агуулахын зориулалтаар ашигладаг. Энэ сарын 25-нд улс орон даяар гамшгийн  эсрэг сургуулилт нэгэн зэрэг болно. Нэгэнт гай гамшиг хэлж биш, хийсч ирдэг болохоор бид үүнд бэлтгэлтэй байх нь чухал. Тиймдээ ч төр засгийн түвшинд бодлогоор дэмжиж, гар бие оролцож буй. Ядаж л газар хөдлөлтийн гамшиг тохиолдлоо гэхэд орон байрнаасаа хэрхэн гарах, хаана цугларах, аюулгүй байдлаа яаж хамгаалах гээд сурч, мэдсэн байх шаардлагатай зүйл их. Харин гамшиг тохиолдвол иргэд хаана очиж хоргодохоо хэр мэддэг бол. Ер нь болзошгүй гамшгийн үед ашиглах хоргодох байр гээч зүйл Монголд байна уу гэдгийг сонирхож үзлээ.

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХОРГОДОХ БАЙРУУД ОДОО БИЙ ЮУ

Өмнөх нийгмийн үед манай улс гэнэтийн дайралт болон осол сүйрлээс тун ч их болгоомжилж, бэлэн байдлаа дээд зэргээр хангадаг байв.  Хүйтэн дайн дэлхий ертөнцийг хоёр туйлд хувааж, цөмийн зэвсгийн аюул нүүрлэх эрсдэл байсан болохоор газар доорх хоргодох байруудыг бэлддэг байсан гэдэг. “Бидний үеийнхний ихэнх нь хоргодох байруудыг мэддэг байлаа. Бүр заримыг нь аваачиж оруулж үзүүлдэг байсан. газар доор нүх ухаад гаргасан сүртэй байгууламж байсан гэж ярьдаг. Ямар ч байсан гамшиг тохиолдоход энд ирж хоргодох юм байна гэдгээ бид мэддэг байсан. Харин одоо ямар байдгийг сайн мэдэхгүй юм” хэмээн 55 настай Г.Бат-Очир ярив.

Тухайн үед манай улс газар доорх хоргодох байр арваадыг барьсан гэдэг. Зарим нь ДЦС-3, ДЦС-4, “Сүү” ХК, “Мах импекс” компанийн хашаанд байжээ.  Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эдгээр хоргодох байрыг арчлахтай манатай болсон тул тэр чигт нь орхисон гэдэг. Одоо зарим нь эдгээр компанийн агуулахын зориулалтаар ашиглагддаг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байв. Харин бусад нь мартагдаж, шороонд булагдаад өнгөрсөн бололтой.

Сүхбаатарын талбайн доор байдаг хоргодох байрыг одоо хүртэл ашигладаг гэх ам дамжсан яриа бий. Энэ нүхэн хонгил урагш мушгиралдан явсаар их тэнгэрийн аманд хүрдэг гэх нь ч бий. Гэнэтийн гамшиг тохиовол төр засгийн удирдлагуудыг аюулгүй газарт эсэн мэнд хүргэх зорилгоор одоо хүртэл ашигласаар байгаа аж. Гэхдээ энэ талаарх мэдээллийг албаныхан ихэд нууцалдаг юм билээ.

22 БАЙГУУЛАМЖИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР СОНГОЖЭЭ

Япон тэргүүтэй олон орон газар хөдлөлт зэрэг гэнэтийн гамшиг тохиовол дунд сургуулийн биеийн тамирын заалыг хоргодох байр болгон ашигладаг. Манай улс бас энэ талаар ярьж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн ч одоогоор албан ёсны шийдвэр гарч, ашиглаад эхэлсэн нь алга. Гэхдээ өнгөрсөн жил онцгой байдлын албаныхан нийслэлийн удирдлагуудтай хамтраад барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

 218 сургуульд газар хөдлөлтийн үнэлгээ хийгдээгүй байна

Одоогоор нийслэлийн хэмжээнд буй 240 сургуулийн ердөө 22-т нь үнэлгээ хийж, паспортжуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдгээр 22 байгууламжийг хоргодох байрны зориулалтаар ашиглахаар урьдчилсан байдлаар сонгожээ.  Харин үлдсэн 218 сургуулийн тухайд паспортжуулах шаардлагатай буюу газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаарх үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Төдий тооны сургууль газар хөдлөлтөд хэр тэсвэртэй нь тодорхойгүй байна гэсэн үг.

 “Хоргодох байрны зориулалтаар ашиглаж болох барилгуудыг урьдчилсан байдлаар сонгож, нийслэлийн барилгын чанарын хэлтсээр үнэлүүлсэн. Ашиглаж болох талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Манай байгууллагын зүгээс болно гэж үзээд саналаа оруулбал нийслэлийн удирдлагууд шийдэх учиртай. Гэхдээ үүнээс өмнө хийх ажил их байна. Ядаж л түр байрны стандартаа батлуулах ёстой. Одоохондоо бол санаа төдий л байгаа гэж ойлгож болно” хэмээн ОБЕГ-ын дэд бүтэц, газар хөдлөлт хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Хишигбаатар тайлбарлав. Эдгээр газрыг хоргодох байраар ашиглах эцсийн шийдвэр гарвал газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болгон хүчитгэхээс гадна гамшгийн үед зайлшгүй шаардлагатай дулаан хувцас, хэрэглэл материал, хоол хүнсээр хангах юм байна. Гэхдээ албаны хүний хэлсэнчлэн бодит ажил болоход хол байгаа аж.

ХҮН АМЫН 85 ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙНА

Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1905 онд Булнайн нурууны газар хөдлөлтөөр 350 км газарт том хагарал үүссэн бөгөөд энэ нь өдгөө ч бүрэн эдгэрээгүй гэдэг. Хамгийн сүүлд 1957 онд Баянхонгор аймгийн нутагт 12 баллын хүчтэй газар хөдлөлт болоход 800 км урт ангал тогтсон байдаг. Тухайн үед хүн ам тархай бутархай суурьшдаг байсан болохоор айхтар хохирол амсалгүй өнгөрсөн юм.

Тэгвэл өдгөө нийт хүн амын 85 хувь нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байв. Тухайлбал, манай орны нийт газар нутгийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 19.6 хувь нь ес болон түүнээс дээш баллын ангилалд хамрагдаж байгаа аж.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 04 сар 20/

    Газар хөдлөлт ялангуяа хот орчимд болж магадгүй Үүнд энэ өндөр барилгууд бэлэн үү шаадлага хангах уу энэ үед хоргодох байр хэрэгтэй юу маргааш 10 цагт хөдлөнө гээд мэдэх болож байхгүй

    Хариулах