Б. Мөнх-Өлзий: Нам хүчнийхэн иргэдийн тархийг угааж, хэн нэгнийг харлуулсан мэдээлэл цацан, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй болгож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 20 ・ 2

 

Сэтгэл судлаач Б.Мөнх-Өлзийтэй ярилцлаа.


-Манай улсын нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал ямар байна. Тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өнөөгийн нийгмийг хувь хүний талаас дүгнэхэд тогтворгүй, их савлагаатай байна л даа. Дүрэлзэж босоход амархан байна. Орчны бохирдол, нийгэм, улс төрийн асуудлуудаас болж иргэдийн дунд эерэг гэхээс сөрөг үзэгдэл илүү давамгай байна. Нийгэмд харьцангүй эерэг сайн зүйлс байна л даа. Энэ өнцгөөс хар цагааныг цэнэвэл хар нь давамгай байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн гаргаж байгаа ёс суртахууныг дүгнээд үзэхэд л нийгэм хувь хүний бодлоор нийгмийн оюун санааг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх тал руу нь төр бодлого шийдвэр гаргаж бодитой дэмжлэг үзүүлэх цаг нь ирчихсэн байна.

-Нийгмийн сэтгэл зүйг яаж төлөвшүүлэх вэ. Үүнд үзүүлэх сэтгэл судлаачдын үүрэг оролцооны талаар ярихгүй юу?

-Нийгмийн олон том асуудлыг шийдэх бодлого шийдвэр гаргахад сэтгэл судлаачийг хамруулж, ажиллуулж болно. Өөрөөр хэлбэл судалгааны багт нь эсвэл боловсруулах үед нь оролцуулах хэрэгтэй. Энэ бол нийгмийн сэтгэл судлаачдын оролцоо. Нөгөө талаасаа сэтгэл судлаач бодит практик дээр ажиллаж байгаа хэрэглээний сэтгэл судлаач хүмүүс үйлчлүүлэгчдийн асуудал дээр боловсруулсан сан буюу нэгдсэн байдлаар ажилладаг. Нэгдсэн байдлаар ажиллахдаа эргээд төрийн бодлого шийдвэрт санал зөвлөмж өгөх гэх мэт. Ийм хэлбэрээр тал талын оролцоотой ажиллавал зохимжтой гэж харж байна.

-Нийгмийн сэтгэл зүй төлөвшихөд төрийн бодлого чухал нөлөөтэй байх?

-Тэгэлгүй яах вэ. Гэр бүл аливаа улс орны гол цөм нь болдог гэж үзвэл гэр бүлээ дэмжсэн төрийн бодлого шийдвэр хэрэгтэй. Энэ нь эдийн засагт суурилсан нийгэмтэй оронд татварын хөнгөлөлт, тэтгэврийн нэмэгдэл ч гэдэг юм уу тогтвортой амьдарч байгаа гэр бүлээ дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна. Сэтгэл зүйн талаасаа дүгнээд хэлэхэд бодит дэмжлэг дутагдаж байна.

-Өдөр бүр шахуу дээрээс зохион байгуулалттайгаар ашиг сонирхлын зөрчилтэй хэвлэлийн хурал зарлах юм. Тэнд зөвшөөрөлгүй газар ухлаа, энд тийм албан тушаалтан авлига авлаа, ийм шүүгч хэрэгт холбогдлоо гээд л. Ийм учраас бид ядуу амьдарч байна гэх мэтчилэн. Энэ бүхэн нь иргэдийг бухимдуулж сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөөд байх шиг?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам завсар зайгүй хар бараан, хууль зөрчсөн, нэгнээ алж хядсан мэдээлэл цацаад байхад мэдээж нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлнө. Манайхан нэг л их бухимдсан, өөртөө хамааралгүй зүйлд ач холбогдол өгч өнөөх 76-гаа зүхсэн хүмүүс алхам тутамд л таарах болж. Энэ нь иргэдийн чихэнд хүрч байгаа хар бараан мэдээлэлтэй холбоотой. Энэ бүхэнд цензур тавих цаг ирээд байна л даа. Энэ их худал үнэн нь мэдэгдэхгүй хар бараан мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна.

-Нийгмийг цочроосон янз бүрийн бичлэгүүд ар араасаа цахим ертөнцөөр цацагдах болсон. Иргэд одоо бүр дараагийн бичлэгийг нь хүлээдэг болчихож. Нэг үгээр хэлбэл донтчихсон байна шүү дээ?

-Тодорхой субьектүүд тодорхой зорилгын доор нийгмийн харилцаа мэдээлэлд нөлөөлөх зорилгоор янз бүрийн контент хийгээд цацаж байна. Гэхдээ энэ нийгмийн л араншин. Нийгмийн байгаа бодит байдал нь энэ. Түүнээс биш фэйсбүүк гарч ирснээр нийгэм муухай болоод байна гэсэн үг биш. Энэ байхгүй байсан бол бид өөр хэрэгслээр өнөөх бичлэгээ тараана гэсэн үг шүү дээ. Нийгмийн өнөөгийн түвшин нь энэ байна.

Улс төрийн нам хүчнийхэн иргэдийн тархи угааж, хэн нэгнийг харлуулсан мэдээлэл цацаж байгаа нь нийгмийн сэтгэл зүйг савлагаатуулж, иргэдийг бухимдуулж байна. Хэн нэгнийг муухай харагдуулах зорилгоор үүнийг гаргаж ирж байгаа юм. Саяны Е.Сагсай прокурорын жишээ татахад л ганц хүний субъектийн асуудал биш. Цаана нь хууль, шүүхийн байгууллагын асуудал явж байдаг. Нэг нь ийм байгаа бол нөгөөх нь ч ялгаагүй гэсэн сэтгэгдэл нийгэмд төрнө. Үүнээс үзэхэд дараагийн гарч ирэх прокурор нь ялгаагүй харласан газар очно гэсэн үг. Ийм байдлаар явцуу хүрээнд сэтгэж нийгмийг хутгаж байгаа нь харамсалтай. Сөрөг л үзэгдэл.

-Ийм төрлийн мэдээлэл, контентыг иргэн хэрхэн хүлээж авах хэрэгтэй байдаг вэ?

-Тодорхойгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй мэдээлэл хүмүүсийг бухимдалд хүргэдэг. Нөгөө талаас гайхшралыг төрүүлсэн мэдэхгүй зүйл нь уур бухимдалд хөтөлдөг. Иргэд ач холбогдол өгч байгаа тохиолдолд олон ургалч үзлээр хандах хэрэгтэй. Асуудалд голыг нь олж хандана гэдэг хувь хүний томоохон мэдлэг шүү дээ. Нэг юманд амархан автаад л туйлшраад, савалгаатай байх нь нийгмийн сэтгэл зүй талаасаа үзэхэд сөрөг үзэгдэл болж байна. Манайхны нийтлэг чанар нь энэ л дээ. Нэг бол шүтээд оройдоо залчихдаг. Бодит бус эх сурвалжаас мэдээ сонсов уу үгүй юу газар доогуур ортол дэвслээд хаячихдаг. Өөрөөр хэлбэл асуудалд олон ургальч үзлээр ханддаггүй, туйлширч дагаж хуйлардаг.

-Нэг талаар монгол хүний мөс чанар дэндүү доройтчихсон юм шиг санагдах юм. Дийлж байгаад нь зусарддаг, дийлдэж байгаадаа дээрэлхүү зантай болчихож. Монгол хүмүүс танихгүй нэгнээ дайсан гэж үздэг болсон байна шүү дээ. Үүнд юу нөлөөлөв?

-Хувь хүний бодлоо хэлэхэд одоо бидний амьдарч байгаа нийгмийн засаглалтай холбоотой асуудал л даа. Эдийн засагт суурилсан өрсөлдөөний нийгэмд лидер байхгүй бол бусдаас ялгарахаар мэрийдэг зарчим үйлчилдэг. Лидер болж чадахгүй бол л бусдад зусардаж ялгарахаар мэрийж байгаа юм. Монголын нийгмийн сэтгэхүйд ийм ойлголт тогтчихоод байна. Аливаа асуудлыг танил талынхаа хүрээнд ч юм уу, өөртөө хэрэгтэй гэсэн хүндээ ашигтайгаар эргүүлдэг болчихоод байна л даа. Хүний мөн чанар орхигдож, өнгө мөнгөнд шүтсэн нийгэмд бид амьдарч байна.

-Нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд төрөөс ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ. Ямар дэмжлэг дутагдаж байна?

-Хамгийн эхэнд боловсролын салбарыг шинэчлэх хэрэгтэй байна л даа. Сургуулийн өмнөх боловсрол, дунд сургууль, мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулиудын боловсролын чанарт анхаарах хэрэгтэй байна. Манайд бол боловсролын нэгдсэн тогтвортой бодлого үгүйлэгдэж байгаа нь анзаарагддаг. Нэг сайд нь томилогдоод л бодлого боловсруулдаг, өнөөх нь халагдаад дараагийн нөхөр гарч ирээд дахиад л өөр өөр бодлого ярьдаг. Ийм байж болохгүй. Буруу бай, зөв ч бай нэг бодлого боловсруулсан бол түүнийг тогтвортой хугацаанд үргэлжлүүлээд үр дүнг нь үзэж байж нийгмийн боловсрол хөгжиж,- дээшилдэг. Аливаа улс үндэстэн сөнөхөд заавал цэрэг, буу шийдэм, танк оруулж ирэх нь хамаагүй болоод байна. Боловсролын систем шат шандаа уналаа л бол хэцүүдэж байгаа юм л даа. Чанаргүй боловсрол эзэмшсэн эмч хүний амь хөнөөнө, чанаргүй боловсрол эзэмшсэн шүүгч хүн шүүнэ, чадваргүй хүн улс орон удирдана ч гэх юм уу. Ингээд цаагуураа нийгэм доройтож, улс үндэстэн мөхөх нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгэхээр төрөөс боловсролын салбарт анхаарах цаг хажууд ирээд байна. Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг хөөгөөд судлаад үзэхэд эцсийн цэг нь суурь боловсролтой л холбоотой байгаа нь харагддаг.

Эх сурвалж:www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 23/

    Zuv helj bn iim zaluuchhud turd heregtei!

    Хариулах
  • Хайдо / 2019 04 сар 21/

    Хүнийг хүмүүжүүлэх,төлөвшүүлэх,ёс зүйтэй болгох асуудлыг орхигдуулсанаас өнөөдөр монголчуудын ихэнх нь зөвхөн өөрийгөө бодсон бэртэгчин болж хүмүүжсэн нь аливаа асуудлыг зөвхөн өөрийн бодлоор дүгнэж цэгнэдэг,ажил төрөл хийх сонирхолгүй болгожээ.Ном уншиж нүд тайлахаа байсан нь зөвхөн сонсож мэдсэнээ

    Хариулах