Монголчууд бид кирилл, латин үсгийг зэрэгцүүлэн хэрэглэх нь зөв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 18 ・ 4

Үсэг, бичгийн ирээдүйг таахуйд

Хүн төрөлхтний бичиг, үсгийн бүрэн түүх өнөөдрийг хүртэл нэг мөр болж чадаагүй, нэгтгэгдэж бичигдээгүй, эргэлзээ маргааныг хаа сайгүй үүдсэн янзаараа байна. Уг нь шинэхэн цасан дээрх амьтны мөрүүд бол яг л цагаан цаасан дээрх бичиг л дээ. Ингээд бодохлоор байгальд маань бидэнд дууриал болох “цаас ч байж, бичиг ч бас байжээ”. Гэхдээ хүмүүс дуу, авиагаа тэмдэглэсэн бичиг, үсгээс эхлээгүй юм. Яагаад ч юм утга тэмдэглэсэн зурган бичгээр л эхэлж санаагаа дамжуулах болжээ. Цасан тал адил цагаан цаастай болтлоо ч бас уджээ. Мөн авиа, үг тэмдэглэдэг үсэг, бичиг ч тун хожуу үүсчээ. 

Урьд өмнө зохиогдсон өчнөөн олон янз өвөг бичгийн заримыг хүмүүс өнөөдөр ч гэсэн тайлж уншиж чадахгүй байгаа билээ. “Моралийн элэгдэлд” хэдийнээ орчихсон гэхүйц бичиг, үсэг ч эдүгээ олон байна. Мартагдаж гээгдсэн бичиг, үсэг ч бас олон буй. 

Ярианы хэл болон бичгийн хэл нь зөр зөрсөөр зовлон, бэрхшээлийн шалтгаан болчихсон улс орон ч мөн цөөнгүй...

 

“Яаж ярьж байна яг л тэгж бичдэг, яаж бичсэн байна яг л тэгж уншдаг” болохын төлөө хөдөлгөөнд улам л олон хүн, улам л олон улс орон хамрагдах болжээ. Монголчууд бид ч энэ зөв хөдөлгөөнд нэгдэх ёстой. Элдэв явцуурал, жалга, довны үзэл, хэнээрхэлд автагдах аваас бидний үр хүүхэд, хойч үе маань л хохирно, хоцрогдоно...

 

“Олон санаат оргож чаддаггүй”-н үлгэрээр ороод байн байн бичиг, үсгээ сольж ирсэн улс орнууд эцэс сүүлдээ латин үсэг, бичиг л авсан байх ажээ.

“Дэлхий дахинаараа бид өнөөдөр дуу, хөгжмийн нэг л ноот (үсэг) хэрэглэж байгаа. Маргааш мөн нэг л бичиг, үсэг хэрэглэх болно” гэж олон эрдэмтэн, мэргэд хэлэх, бодох болжээ. Бүх талаараа, бүр гар, хурууны дохио зангаагаараа хүртэл адилсаж, даяаршиж яваа дэлхий нийт нялх балчир хүү, охиддоо нэг л “цагаан толгой” заах цаг ирэх нь ирнэ л дээ. Иймэрдүү үзэл, баримжаатай байхад алдахгүй л болов уу... Үсэг, бичгийн хувьд ч гэсэн алс хэтийг харсан бодлого байх учиртай. 

Магадгүй нөхцөл, байдал эсрэгээр эргээд огт өөр сонголтын өмнө бид бүхэн очиж ч бас болно. Эцсийн эцэст ердөө л хоёрхон бичиг, үсэг үлдлээ ч гэсэн монголчууд бид латин бичиг, үсгийн талд л зогсох нь өлзийтэй байх биз ээ...

Үсэг, бичиг бол тухай бүр зохиож хэрэглэдэггүй, ихэнх төлөв л гаднаас авч хэрэглэдэг зүйл байжээ. Харин бидний өвөг дээдэс авч ч хэрэглэж байж, мөн зохиож ч хэрэглэж байж. Бараг л арав шахам бичиг, үсэг монголчуудын гараар орж, бас гарчээ. 

Эртний Согд, Арамей, Араб бичиг, үсгээс эх улбаатай уйгар бичиг, үсэг VIII-XI зуунд зарим монгол аймагт хэрэглэгдэх болжээ. Төв Азийн нүүдэлчдийн хэлний үг, авианы дуудлага ойролцоо байсан нь мөнхүү үсэг, бичгийн тархалтанд нөлөөлсөн байна. XII зууны эхэн гэхэд Төв Азийн нүүдэлчдийн дунд уйгар үсэг, бичгээр харилцдаг аймгууд ч мөн олширчээ...

Уйгараас Монголд дэлгэрсэн болох тул уйгаржин монгол бичиг гэгдэж байжээ. Хожуу нь Монголоос Манжид дэлгэрэхдээ “монголжин манж” бичиг болжээ. 1648 оны үесээс уг бичиг, үсэгт нэлээд өөрчлөлт орсноор Монгол тод бичиг хэмээн нэршжээ. 1636 оны үеэс манж нар худам монгол бичигт зарим нэгэн өөрчлөлт оруулж төрийн бичиг болгосон байна.

Монгол угсааны олон овог аймаг эхлээд Түрэг, дараа нь Уйгарын эрхшээлд орсны улмаас монголчуудын дунд уйгар үсэг, бичиг дэлгэрчээ. Тэр цаг үед Түрэг, Уйгар, Киргиз олон аймаг мөнхүү бичгийг хэрэглэдэг байжээ. Хятадын ханз үсэг, бичигтэй харьцуулахад давуу тал олон, үгсийг хэрхэн дуудах байдлаар нь тэмдэглэдэг болохоор сурахад хялбар байсан нь уйгар үсэг, бичгийн тархалтанд нөлөөлжээ. Уйгаржин монгол бичиг хэмээн нэршсэн нь уйгар үсгээр тэмдэглэсэн монгол хэл гэх утгатай юм. Энэ үсэг, бичиг хожуу Монголоос Манжид тархжээ. Уйгаржин монгол, монголжин манж, монгол тод бичгийн түүх товчдоо ийм.

 

Монголчууд бидний өмнө өнөөдөр бичиг, үсгийн хувьд сонголт хийх шаардлага буй болоод байна. Өнөөгийн бодит нөхцөлөөс ургуулан үзэх аваас, мөн өмнөх их өвөө (кирилл бичгээр буй) тооцох аваас бид кирилл, латин үсэг, бичгийг зэрэгцүүлэн хэрэглэж байх нь л зөв болно. Ер нь сулдаа л, аяндаа л тэгж эхлээд байна шүү дээ! Ижилхэн шахам энэ хоёр үсэг, бичиг л алс хойчдоо тунаж үлдэх төлөвтэй. Цааш цаашдаа тэдний дундаас нэг л үсэг, бичиг (цагаан толгой) төрөн гарах буйзаа. Дэлхий нийтээрээ энэнд л бэлтгэгдсээр байна. 

 

Хүн төрөлхтний хэрэглэж байсан бүх үсэг, бичиг бүгд л түүхнээ үлдэх болно. Шаардлага гарваас алиныг нь ч эргэж хэрэглэж болох шүү дээ. Гэхдээ ашиглахад үнэхээрийн хялбар, хэмнэлттэй нэгийг нь л бүх нийтээрээ түгээмлээр хэрэглэх нь зөв гэдэгтэй маргах хэрэггүй мэт ээ...

Бүх ард түмэн, улс орны дуу, хөгжмийг нэг л тэмдэгтүүд, нэг л ноотоор бичдэг шүү дээ. Үндэстэн бүхэн өөр өөрийн нооттой байсансан бол хөгжимчид маань наад зах нь л 10-20 ноот сурах хэрэг гарнаа даа? Тэгэхлээр нэг л ноот, нэг л үсэг бичигтэй байх нь мөн ч их хэрэгтэй, мөн ч их хэмнэлттэй, хэн хүнд ашигтай байх нь тодорхой юм.

Бичиг, үсгийн ирээдүйн талаар бодох, тооцох зүйл ихэссээр байгааг харгалзах ёстой. Нийт дүнгээр нь үзэх аваас гараар бичиглэх хэрэгцээ ер бусын хурдан багаслаа. Дуу авианы соронзон бичлэг, радио холбоо, гар утас, дуу дүрстэй мессеж зэрэг нь бичиг захидлыг бараг л үгүйсгэчихлээ. Цаасан дээр захидал бичдэг, шуудангаар дамжуулдаг, тараадаг үйл ажиллагаа бидний нүдэн дээр хумигдлаа. Олон саяар тоологдох ном мэтсийг ч цахим хэлбэрт оруулчихлаа. Ингэн ингэсээр үсэг, бичиг ч хойш нь тавигдаж мэдэхнээ...

Зохиож, ашиглаж ирсэн үсэг, бичгээ үндэстэн бүхэн хайрладаг, дээдэлдэг л дээ. Өнгөрсөн түүх нь, ард түмний оюун санааны амьдралын бүх тал нь уг бичгээр өгүүлэгдэн цаасан дээр үлдсэн болох тул тэр их өв сангаа хайрлалгүй ч яахав. 

Бичих, тэмдэглэх арга хэрэгсэл нь үсэг, бичиг биш болчихвол бичиг, үсэг хэрэглээнээс хасагдаж ч болох юм. Хүн төрөлхтөн уншдаг биш зөвхөн сонсдог, мэдлэг ба мэдээллийг зөвхөн л сонсож авдаг, тэр нь ч хямд, хялбар, үр өгөөжтэй болчихож болноо доо? Энэчлэн бодох, тооцох зүйл их байнаа!...

 

Судлаач, профессор Д.Чулуунжав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2019 10 сар 20/

    Эх захгүй жижиг үндэстэний нэг олдмол зовлон болсон бичиг үсэг дөрвөлжин төвд уйгаржин латин крилл одоо мэдэхгүй энгэж байж ч хөгжддөггүй үүнийг хөгжил гэхгүй байхаа

    Хариулах
  • daanch dee!!!! / 2019 10 сар 19/

    yndesnii Mongol bicheggyi ard tymen delhiid bidnii yseg bicheg gej yug haryylah be?...ene krill ysegeen yzyyleh yy?ylam l doosoo orj ard tymenii soyon gegeerel ygyi bolj munhag mulguu enee chag chini yragslaj baigaa bys yy?ta yu heleed bnaa!!!Latin bol orchin chagiin hymyys ni heregleed yabna biz!en

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 19/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 18/

    Хариулах